OOGII брэндийн хүмүүнлэгийн ажлын үр дүнд 20 хүүхдэд тэтгэлэг олгохоор боллоо

2021-12-08, 14:08
7,240

Монголын нүүр царай болсон бүсгүйчүүдийн нэг Оогий буюу О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан "OOGII" брэнд, боловсрол зуучлалын "Oogii EDU" компани хүүхэд залуусын сурч боловсрох хүсэл тэмүүлэлд гүүр нь болж, тэдний ирээдүйд гэрэл нэмсээр байна. Тус байгууллагаас нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, хүмүүнлэгийн ажлын хүрээнд боловсролын хөрөнгө оруулалт хийж, нийт 20 хүүхдэд "Oogii EDU"-д суралцах тэтгэлгийг олгохоор болжээ.

OOGII брэндийн хүмүүнлэгийн ажлын үр дүнд 20 хүүхдэд тэтгэлэг олгохоор боллоо

Өнөө цагт амжилтын түлхүүр, ирээдүйн баталгаа болсон гадаад хэл, дэлхийн боловсролыг танд ойртуулж, тулгарах аливаа саад бэрхшээлийг даван туулахад тус хүргэх явдлыг "Oogii EDU" нэн тэргүүний зорилтоо болгодог. 

Австрали улсад суралцуулах зуучлал болон англи хэл, менторын цогц сургалтуудаараа тус төв нь олон хүүхэд залууст гайхалтай боломж бололцооны эхлэлийг тавьж өгчээ. Мөн "Oogii EDU" нь гадаад хэлийг зөвхөн хэл биш, "хэл соёл" гэсэн өнцгөөс заадаг тул бусад төвүүдээс ялгарч чаддаг байна.

Тэгвэл хатагтай Оогий болон Австралийн нэр хүндтэй бизнес-лэди Криста Биллич нарын зүгээс 10 хүүхдэд "Oogii EDU"-д суралцах тэтгэлгийг олгохоор болжээ. Дэлхийд танигдсан уран бүтээлч Чарльз Билличийн гэргий Криста нь өөрийн найз Оогийгийн хүү Эдвард Найт-д бэлэг болгож, Монголын хүүхэд залууст тус тэтгэлгийг олгож байгаа ажээ.

Энэхүү тэтгэлгийг "Өнөр бүл төв" хүүхдийн асрамжийн газрын 12-18 насны хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр сурах хүсэл эрмэлзэлтэй ч боломж хязгаарлагдмал хүүхдүүддээ дэлхийн түвшний боловсролтой хөл нийлүүлж, тэгш эхлэлийг нь тавьж өгч буйг онцлоход таатай байна.

Үүгээр зогсохгүй "OOGII" брэндийн хэрэглэгч нарт зориулсан тансаг зэрэглэлийн усан онгоцны аяллын "Oogii Yacht Club"-ийн өдөрлөгөөс дахин 10 хүүхдэд тэтгэлэг цуглуулжээ. Зөвхөн хүмүүнлэгийн үйлсийн зорилгоор үнэ төлбөргүй зохион байгуулагдсан тус эвентэд оролцсон бүсгүйчүүд Монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө санаа нэгдэж чадсан байна.

Ийнхүү "OOGII" брэндийн хүмүүнлэгийн ажлын үр дүнд нийт 20 хүүхдийн цаашдын сурлага, хөдөлмөрийн амжилтад үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийжээ.

Эрхэмсэг дэгжин дүр төрхийг бүрдүүлэхийн хажуугаар эрдмээр биеэ чимэх боломжийг ирээдүйн амжилтын эздэд олгож буй хатагтай Оогийгийн үйл хэрэгт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.